Сургалтын блогийн зөвлөмж
Багш нарын сургалтын блогт гарч буй нийтлэг алдаа:
1. Блогийн танилцуулгыг латин үсгээр бичихЖнь: Baga angiin suragchdad tulgamdaj bui asuudliig shiidej zovlogoo ogoh, Medleg olgoh, Zuvluguu uguh гэх мэт
2. Бичлэгийн гарчгийг латин үсгээр бичихЖнь: Tsahim hicheel, tsahim sudalgaa, zarimdag giiguulegch, huuhdiin duu, zuir uh гэх мэт
3. Бичлэгийн ангиллыг латин үсгээр бичихЖнь: Zar medee, Tsahim hicheel, Tsahim hereglegdehuun, Zuvluguu гэх мэт
Сурагчдад зориулсан сургалтын блог хөтөлж байгаа багш нь блогийн танилцуулга, бичлэгийн ангилал, гарчгийг латин үсгээр бичих нь тохиромжгүй бөгөөд монгол хэлээрээ найруулга сайтай, дүрмийн алдаагүй бичиж, сурагчдад үлгэр дууриалал болох хэрэгтэй юм.
Мөн утгат хэсэг бүрээр бүлэглэх, догол мөрнөөс эхлэх, утгат хэсгүүдийн хооронд нь зай авах байдлаар нийтлэл оруулах нь уншихад болон ойлгоход хялбар байдаг. Сунжирсан урт бичвэр нь унших сонирхлыг төрүүлдэггүй.
Бичвэрийн гарчгийн эхний үсгийг том үсгээр бичихэд анхаараарай!
Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүнд “Цахим хичээл” эсвэл “Цахим сургалтын хэрэглэгдэхүүн” гэж гарчиг өгөх нь тохиромжгүй.
Цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүнийг сурагчид үзэж, хичээлийн явцад ойлгоогүй зүйлээ мэдэж авах зорилгоор байршуулж байгаа тул гарчиг хэсэгт хичээлийн сэдэв бичих, харин доод буланд ямар зорилгоор байршуулж байгаа тайлбар бичиж болох юм.
Мөн багшийн байршуулсан цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүн нь монгол хэлний зөв бичих дүрмийн алдаагүй байхад тун их анхаарах хэрэгтэй юм.
Багшийн хөтөлж буй сургалтын блогоос, байршуулсан нийтлэл, цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүнээс сурагч, эцэг эх, бусад багш нар тухайн багшийн мэдлэг, чадварыг үнэлэх болно гэдгийг анхаараарай!
4. Блогийн сонгосон загварын өнгө нь сургалтын блогт тохиромжгүй байхБагшийн сонгосон блогийн загвар нь улаан, тас хар, эсвэл гүн ногоон байгаа нь сургалтын блогт тохиромжгүй юм. Сурагчдад зориулсан учраас гэгээлэг өнгө сонгох нь зүйтэй болов уу.
Блогийн дэвсгэр өнгө, нийтлэлийн өнгө нь сурагчдын нүд ядраахааргүйгээр байх хэрэгтэйг анхаараарай!
5. Оруулсан цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүнд хязгаарлалттай бичлэг тэмдэглэгээ оруулахХязгаарлалттай бичлэгийг зөвхөн найзууд үзэх эрхтэй байдаг тул эцэг эх, сурагчдад зайн сургалт явуулах, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө өгөх зорилгоор хөтөлж байгаа сургалтын блогийн бичлэгүүд хязгаарлалттай байж болохгүй билээ.
6. Холбоос хэсэгт гарчиг буруу бичихХолбоос хэсэгт Deegii, Muugii, Anhaa гэх мэтээр латин үсгээр гарчиг өгч байна.
Лхагвасүрэн багш, Эрдэнэцэцэг багш гэх мэтээр нэр өгч, дааж авсан ангидаа хичээл заадаг багш нарын блогийг холбох, эсвэл мэдээлэл зүйн багш, газарзүйн багш гэх мэтээр мэргэжлээр нь нэр өгч, блог хаягийг холбох нь сурагчид багшийн блогт зочлохдоо бусад багш нарын блог руу шууд нэвтрэх давуу талыг олгох болно.
7. Бичлэгийн ангилалгүй загвар сонгохБагшийн сонгосон загвар нь бичлэгийн ангилалгүй байгаа бол ангилалтай загвар сонгох хэрэгтэй юм. Бичвэрийн тоо нэмэгдэх тутам эцэг эх, сурагчид блогоос мэдээлэл авах нь хүндрэлтэй болдог тул ангилал хийснээр хайж буй мэдээллийн ангиллаа сонгоод байршуулсан нийтлэлийг уншихад хялбар байх болно.
Бичлэгийн ангиллыг
- Мэдээ мэдээлэл
- Зар мэдээ
- Сурагчдад зөвлөмж
- Эцэг эхчүүдэд зөвлөмж
- Манай ангийнхан
- Сургамжит өгүүллэг
- Уран зохиол
- Титэм үг
- Зайн сургалт гэх мэтээр үүсгэхээс гадна
a. 7-р анги
b. 8-р анги
c. 9-р анги
d. 10-р анги
e. 11-р анги гэж хэддүгээр ангид хичээл зааж буйгаас хамаарсан ангилал үүсгэж болно.
Блогт оруулж буй бичвэрээ хамаарах ангилалд нь зөв оруулах хэрэгтэй юм.
Жич: “Бага ангийн багш нарт зөвлөмж”, “Математикийн багш нарт зөвлөмж” гарчиг бүхий сургалтын блог хэрхэн хөтлөх зөвлөмжийг уншина уу.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Сурагчдад тохиромжтой гэгээлэг өнгө бүхий,мөн бичлэгийн ангилалтай загварыг блогийн загвар солих хэсэгт ороод сонгож болно.
Амжилт хүсье!